Хатигтай АНДУУРАГДСАН “MRSA” халдварын тохиолдол нэмэгджээ
“Хатиг гарвал долоон удаа гардаг” гэх ойлголт бидний дунд түгээмэл бий. Толгойтой, толгойгүй хатигны маш их өвдөлтийг үл тэвчих атлаа, дахин хаана гарах бол гэх бодол зурсхийдэг. Гэтэл дархлааны систем алдагдахыг анддаггүй хатиг гэгчийг долоон удаа дахих ёстой гэх ойлголтыг анагаах ухааны ямар ч судалгаа батлаагүй юм. Биднийг долоо дахихыг нь хүлээн, хатигаа тоолж суух хооронд түүнтэй тун ижил төрлийн MRSA буюу Methicillin resistant staphylococcus aureus халдвар аюулын харанга дэлдэж эхэлжээ.
Шинж тэмдэг нь хатигтай тун ижил идээт бэрсүүгээр илэрдэг тус халдварыг хатиг хэмээн эмчилж, хүндрүүлэх тохиолдол их байгаа ба энэ идээт үрэвсэл сүүлийн үед хүүхдүүдэд олноор илэрч байна. Ялангуяа дархлааны систем нь бүрэн тогтворжоогүй бага насны хүүхдүүд тус халдвараар өвчлөх нь нэмэгджээ.
Анагаахын тодорхойлолтоор хатиг бол “Үсний хүүдийн идээт үрэвсэл буюу нянгийн халдвар” бол MRSA нь антибиотикт тэсвэртэй, халдварт өвчин юм.
Ялгагдах ганц шинж тэмдэг нь MRSA нь ахуйн замаар хүнээс хүнд халдварлах чадвартай гэсэн үг. Бусад шинж нь ерөнхийдөө төстэй. Тиймээс арьсан дээр идээт тууралт, гүвдрүү гарахад дур мэдэн “Хатиг” хэмээн оношлолгүйгээр мэдрэг чанарын шинжилгээг нэн яаралтай хийлгэх хэрэгтэй ажээ.
МRSA үүсгэгч нян хүний арьс, хамарт хэвийн бактерийн хамт байдаг боловч гэмтсэн арьсаар биед нэвтэрч арьс, зөөлөн эдийн хатиг буглаа, цэврүү үүсгэдэг. Арьсан дээр улаан жижиг товруу гарч эхлэх бөгөөд их загатнадаг. Маажсанаар томорч, үрэвсэж толгойтой болон толгойгүй хатиг үүсгэдэг байна. МRSA-аар үүсгэгдсэн хатиг маш удаан эдгэрч, эмчлэгддэг учраас шинж тэмдэг бүдгэрэх төдийд эмчилгээгээ зогсоовол “дахих” тохиолдол гардаг. Хувийн ариун цэврээ сайн сахисан тохиолдолд МRSA ч бай, хатиг ч бай бүгд бүрэн эмчлэгдэх боломжтой гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
МRSA нь эмчлэгдэхгүй удсан тохиолдолд зүрх, үе мөчний үрэвсэл, цусан үжил буюу сепсис гэх мэт өвчнөөр хүндэрч амь насанд аюул учруулдаг ажээ.
Г.БАТЖАРГАЛ: МRSA НЬ ЦАГААН ХЭРЭГЛЭЛ, АЛЧУУР, ХУВЦСААР ДАМЖДАГ
MRSA халдварын тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Их эмч Г.Батжаргалаас тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд MRSA буюу антибиотикт тэсвэрт нянгаар үүсгэгдсэн хатиг, буглааны тохиолдлын тоо олширч байгаа гэсэн судалгаа байна. Ер нь антибиотикт тэсвэртэй нян ямар тохиолдолд үүсдэг юм бэ?
-Үүнийг мөн супер нян гэж нэрлэдэг. Өргөн хүрээний антибиотик буюу та бүхний өмнө сонсож байсан пенциллин, цефалоспорин, левомицетин гэх антибиотикууд нөлөөлдөггүй. Гэхдээ энэ нянд үйлчилдэг цөөн тооны бүлгийн антибиотикууд бий. Антибиотик тэсвэржилт нян үүсч байгаа нь антибиотикийг дутуу, буруу, замбараагүй, эмчийн заавраар бус хэрэглэж байгаатай шууд холбоотой.
Анагаах ухаан антибиотикгүй бол нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэх аргагүй болох учир антибиотикийг зохистой хэрэглэх хариуцлагын өмнө зөвхөн эмч биш хүн бүр үүрэг хүлээх хэрэгтэй.
-MRSA нь хатигнаас юугаараа ялгаатай вэ?
-Эмнэл зүйн хувьд ач холбогдол багатай ч, адилхан л хатиг. Сүүлийн үед ихсээд байна гэдэг нь миний дээр дурдсан “Methicillin resistant staphylococcus aureus” буюу MRSA-ээр үүсгэгдсэн хатиг, буглаа юм. Мэдээж энэ нь илүү аюултайгаас гадна халдвартай. Шууд хүрэлцэх замаар, эсвэл цагаан хэрэглэл, алчуур, хувцас гэх мэт зүйлийг дамжуулан хэрэглэснээс халдварлах боломжтой.
MRSA-ээр үүсгэгдсэн хатиг буглаатай үйлчлүүлэгчийг гэрээр эмчлэхэд тохиромжгүй учир ихэвчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Учир нь хэсэг газрын эмчилгээ болох хатиг, буглааг шаардлагатай гэж үзвэл зүслэг хийж идээг нь гарган боолт хийх, цөөн тооны хүчтэй хэдхэн антибиотик л нөлөөлж чадахуйц байдаг. Ингээд эмчийн хяналтан дор эмийн эмчилгээ хийх, халдвартай тул тусгаарлах өрөөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.
Хатиг буглаагаар өвчилсөн хүнтэй шүргэлцэх төдийд халдвар авах эрсдэлтэй учраас тусгаарлах хэрэгтэй.
-Хүүхдүүд голчлон өвдөж байгаагийн шалтгаан юу байна?
-Хүүхдийн арьст салст маш эмзэг, дархлааны систем нь бүрэн хөгжөөгүй байдагтай холбоотой. Тиймээс хавар намрын улиралд хүүхдүүдийнхээ дархлааг сэргээж, амин дэмээр баялаг хоол хүнс өгөх шаардлагатай. Хүүхдийг тогтмол усанд оруулж, хөлөргөхгүй, арьс салстыг нь гэмтээхгүй байхад онцгой анхаарах ёстой. Хатиг буглаагаар өвчилсөн хүнтэй шүргэлцэх төдийд халдвар авах эрсдэлтэй учраас тусгаарлах хэрэгтэй.
ХАТИГТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ЭНДЭЭС УНШИХ БОЛОМЖТОЙ.