Айраг, Замын-Үүдийн тэг зогсолтыг 10 хоногоор сунгалаа

683
Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор Орхон, Дорноговь аймагт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг хүргэж байна.

              ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БУЙ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАРУУЛСАН
Орхон аймагт өчигдөр (2020.12.01) хоёр тохиолдол шинээр нэмэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ талаар тус аймгийн Онцгой комиссын өнөөдөр (2020.12.02)-ийн мэдээллээр тусгаарлалтад байсан, батлагдсан хоёр тохиолдлоос гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр Covid-19 илэрчээ. Эдгээр батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Шинээр батлагдсан хоёр тохиолдлын тухайд нэг нь 34 настай төмөр замын ажилтан, өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм байна. Эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, ойрын хавьтлаар арваннэгдүгээр сарын 20-нд тусгаарлагдаж, гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу нь эерэг гарчээ.
Хоёр дахь батлагдсан тохиолдол нь төмөр замын албан хаагчийн хүүхэд аж. Гэр бүлийн хамт арваннэгдүгээр сарын 20-нд тусгаарлагдсан байна. Мөн гурав дахь удаагийн шинжилгээний хариу нь эерэг гарчээ.
Орхон аймагт тусгаарлалтын байранд буй 165 иргэний гар утсанд хяналтын GPS аппликэйшн суулгахаар болсон байна. Өчигдөр хяналтын постоор орж ирсэн иргэдэд уг аппликэйшныг суулгажээ. Ингэснээр гэрийн тусгаарлалтын хяналтыг илүү сайжруулж байгаа аж. Тус аймгийн онцгой комиссоос Орхон аймгаас гарах гэж буй иргэдээс шинжилгээ аваагүй ба энэ сарын 7-ноос шинжилгээ авч эхлэхийг анхааруулав.
АЙРАГ, ЗАМЫН-ҮҮДЭД ТЭГ ЗОГСОЛТЫГ ЭНЭ САРЫН 11-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА
Дорноговь аймагт сүүлийн 24 цагт Сovid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 21 байгаа юм. Тус аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал, эрсдэлт бүлгийн зэрэг нийт 14613 иргэнийг илрүүлэн, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулсан байна.
Сүүлийн дөрөв хоногт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж. Гэхдээ тус аймаг халдварын голомттой бүс нутагт багтаж байгаа тул Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Айраг, Замын-Үүд сумын тэг зогсолтыг энэ сарын 11-ний өдрийг хүртэл сунгалаа. Харин Даланжаргалан сумын “Олон овоо” багт тогтоосон тэг зогсолт буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, зарим төрлийн үйл ажиллагааг сэргээсэн байна. Мөн орон нутагтаа ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос нээхээр болсныг өчигдөр мэдээлсэн билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn